Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 онд Налайх дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, тус сургалтанд 50 гаруй иргэдийн төлөөлөгчид оролцлоо.

Сургалтыг нээж тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр сургалтанд оролцогчдод шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, талархал илэрхийлэн, шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй иргэдийн төлөөлөл юм гэдгийг онцоллоо.

Тус шүүхийн Тамгын газрын даргын баталсан шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан 2019 оны сургалтын хөтөлбөрийн дагуу “Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх эрх зүйн зохицуулалт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, “Иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага”, “Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах”, “Тангараг өргөх”, “Иргэдийн төлөөлөгчийн цалин хөлс, хариуцлага” зэрэг сэдвүүдээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, ерөнхий шүүгчийн туслах Б.Батцэцэг, Э.Алтанцэцэг нар сургалт явууллаа.

            

Мөн иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, гарын авлагаар ханган ажиллалаа.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР