“Хуульчдын форум-2019”-д амжилттай оролцлоо.

          Монголын Хуульчдын холбооноос гурав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор 2019 оны 06 сарын 13-ны өдөр “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа. Энэ удаагийн форумд 400 гаруй хуульч оролцсон бөгөөд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс нар оролцлоо.

Энэ жилийн “Хуульчдын форум” нь “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриатайгаар "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” үндсэн сэдвийн хүрээнд явагдлаа. Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа нь төрийн тогтвортой бодлого, үйл ажиллагаанаас хамаарч, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Харин тогтвортой, аливаа хийдэл, доголдолгүй эрх зүйн орчныг бий болгоход хуульчдын оролцоо нэн чухал. Тиймээс “Хуульчдын форум”-ын салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгүүд нь оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэх санал, шийдлийг эрэлхийлсэн болно. Тодруулбал, “Хуульчдын форум-2019”-ын хүрээнд “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Төрийн өмчийн удирдлага: Хувьчлал, засаглал, эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Арилжааны хууль хэрэгтэй юу?”, "Double jeopardy: Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй зарчим үйлчлэх үү?”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл”, “Шүүгчийн томилгоо”, “Өмгөөллийн нөхөрлөлийн удирдлага”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо” гэсэн 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдлийг дэвшүүлж, зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлэх юм.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР