МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2014 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

     Монгол Улсын гэмт хэргийн статистик мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан 45 маягтын дагуу хөтөлж байна. Үүнээс Цагдаагийн ерөнхий газар 23, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 6, Авилгатай тэмцэх газар 3 маягтаар, шүүхийн статистик мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 13 маягтын дагуу тус тус гаргадаг.
      Шүүхийн статистик мэдээг анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-1, иргэний хэргийн мэдээ ШС-2, захиргааны хэргийн мэдээ ШС-3, бусад буюу захиргааны зөрчил, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай (ШС-4 - ШС-6), давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-7, иргэний хэргийн мэдээ ШС-8, захиргааны хэргийн мэдээ ШС-9, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-10, иргэний хэргийн мэдээ ШС-11, захиргааны хэргийн мэдээ ШС-12, шүүхийн шүүн таслах ажиллагааны улирлын тайлан ШС-13 гэсэн маягтын дагуу гаргаж байна. Монгол Улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг УИХ-аас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосон шүүхийн зохион байгуулалтын дагуу боловсруулсан нь шинэчлэгдэн зохион байгуулагдсан шүүх тус бүрийн хэргийн ачаалал, шийдвэрлээгүй үлдэгдэл хэрэг, зарим хэргийн өсөлт бууралт, шийдвэрийн чанар, тогтвортой байдал зэрэг хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн хүний нөөцийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой мэдээлэлтэй танилцах боломжтой.